Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг “Чихрийн шижингийн талаар ажлын байрандаа мэдье, дэмжье” уриан дор тэмдэглэх гэнэ. Хүмүүс ажлын байрандаа өдрийн ихэнх цаг хугацааг өнгөрүүлж буй өнөө цагт ажлын орчинд чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах, эрүүл дадлыг төлөвшүүлэх, ажилтан бүрдээ ээлтэй, дэмжлэгтэй орчин бүрдүүлэхийг ДЭМБ-аас уриалжээ. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаагаар манай улсын 15-69 насны хүн амын биеийн жингийн индекс (БЖИ)-ийн дундаж ДЭМБ-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5-24.9)-нээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна.
Харин 2023 оны Хүн амын хоол, тэжээлийн үндэсний VI судалгаанаас үзэхэд төрөх насны эмэгтэйчүүдийн 53, жирэмсэн эмэгтэйчүүдийн 65.4, 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. Таргалалт нь чихрийн шижингийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Иймд БЖИ хэвийн хэмжээнээс хэтэрсэн бол жингээ бууруулах, хянах арга хэмжээг цаг алдахгүй авахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө. Тухайлбал, 40-өөс дээш настай, эрэгтэй, эцэг, эх, ах дүү нараас нь эл өвчин оношлогдсон, жирэмснийн үеийн чихрийн шижинтэй байсан, цусны даралт ихэсдэг, бууруулах эм уудаг, өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, биеийн жингийн илүүдэлтэй бол уг өвчнөөр өвдөх эрсдэл өндөр аж. Иймд өлөн үедээ чихрийн шижин илрүүлэх шинжилгээ өгөхийг мэргэжилтнүүд зөвлөв.
Ч.Цэлмэг