Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”-ийн нэр, томьёо, агуулгыг шинэчлэн боловсруулж буйгаа мэдээллээ. Уг жагсаалтыг холбогдох гэрээ, конвенцод нийцүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх үйлчилгээнд бусад улс орны адил Олон улсын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн ангиллыг нэвтрүүлэх гэнэ. Үүний хүрээнд ажлын хэсгийнхэн байнгын асаргаа шаардлагатай болон 0-18 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг тодорхойлох өвчин, гэмтлийн жагсаалтыг тус тус шинэчлэн боловсруулж буй юм байна.
АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, хүүхэд судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн О.Солонго, анагаах ухааны доктор Г.Соёлгэрэл нар зөвлөхөөр ажиллаж, журмыг энд онд багтаан боловсруулж, батлуулна гэдгээ хэлэв. Ташрамд дурдахад, 2025 оны нэгдүгээр сараас байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг зургаа, үүнээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийн тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлсэн билээ. Түүнчлэн сургууль, цэцэрлэгт тогтмол хамрагдах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх хөгжлийн төвүүдийг санхүүжүүлж буй. Мөн байнгын живх хэрэглэдэг хоёроос дээш насны хүүхдүүдэд ирэх сараас жилд нэг удаа хөнгөлөлт үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.
М.Гэгээ