Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн зургаан давхар өргөтгөлийн шинэ байрыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан билээ. Тус поликлиникт өдгөө 0-18 насны хүүхдүүдэд төрөлжсөн мэргэжлийн амбулатори болон оношилгооны тусламж, үйлчилгээг бүх төрлөөр үзүүлж буйг мэдээлэв. Амбулаториор өдөрт дунджаар 1000-1200 үйлчлүүлэгчид тусламж үзүүлдгийн дийлэнх хувийг хүүхдэд зонхилон тохиолддог мэдрэл, зүрх, судас, чих, хамар, хоолойн эмгэг эзэлж байгааг ЭХЭМҮТийнхөн хэллээ. Түүнчлэн томууны улиралд амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны кабинетын ачаалал хэд дахин нэмэгддэг байна. Сурагчдын амралт эхлэхээр бусад үзлэгийн цаг ч дүүрдэг аж. Ачаалалтай үед хү ний нөөцөө нэмж, тусламж, үйлчилгээний хүртээмжээ өргөтгөдөг тухайгаа Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч Э.Наранцацрал танилцуулсан.
Хүүхдийн зөвлөх поликлиник нь амбулаториор нийтдээ 14 төрлийн үзлэг, 12 төрлийн оношилгоо хийж буй гэнэ. Мөн ирэх оноос өдрийн мэс заслын тусламж үзүүлэхээр бэлтгэл хангаж, тасгийг ашиглалтад оруулахаар засварлаж эхэлжээ. Ташрамд дурдахад, амбулаторийн үзлэгийн цагийг 7611-2180, 1800-0119 гэсэн утсаар урьдчилан захиалж, үйлчлүүлдэг учраас эмнэлэгт олноор ирж дараалал үүсгэлгүй, халдварын эрсдэлээс хүүхэд, гэр бүлээ хамгаалахыг иргэдэд зөвлөсөн юм.
О.Бат