Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нутагшуулсан П.Батчулуун

П.Батчулуун (Төрийн соёрхолт, Гавьяат эмч)
Төрийн соёрхолт, Гавьяат эмч, клиникийн профессор П.Батчулуун Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийн Эмчилгээний факультетыг хүний их эмч мэргэжлээр 1991 онд төгсөж, мэс засалчаар мэргэшжээ. Мөн АНУ, Япон, Швейцар, Финлянд, Герман, БНСУ зэрэг оронд элэг, цөсний зам, нойр булчирхай, эд, эрхтэн шилжүүлэх, дурангийн болон судасны мэс заслын чиглэлээр сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн нэгэн. Түүний хувьд сүүлийн 10 орчим жил Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албаны даргаар ажиллаж, Монгол Улсад эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлж нутагшуулах, олон улсын түвшинд хүргэхэд анхнаас нь хүчин зүтгэсэн алтан гартай эмч нарын нэг. Үүний дотор амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан гавьяатай.
Гавьяат эмч П.Батчулуун Монгол Улсад захын судасны болон хэвлийн хөндийн дурангийн мэс засал, ангиографийн эмчилгээ оношилгоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Түүнчлэн өндөр төлбөртэй эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардлыг шийдэх төсөл боловсруулж, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхэд идэвх чармайлт гарган ажилласныг нь салбарынхан нь өндрөөр үнэлдэг аж. Энэ бүхний үр дүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын төслийг манай улсад эхлүүлж, 2022 оны байдлаар 160 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн түүхтэй. Үүнээс гадна Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд 2018 оноос ажиллаж, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гар бие оролцсон манлайлагчдын нэг юм.
Миний мэргэжил, боловсрол Орос оронтой, тэр тусмаа Санкт-Петербург хоттой салшгүй холбоотой Р.Хадбаатар

(Эмэгтэйчүүд, үргүйдлийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор )
Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны хамгийн том ололт амжилтуудын нэг нь байгалийн жамаар жирэмсэлж чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд үр шилжүүлэн суулгах замаар хүүхэдтэй болох боломжийг нээсэн явдал юм. Үр шилжүүлэн суулгах гэхээр ихэвчлэн гадаад орныг зорих тухай ярьдаг байсан цаг үе ард хоцорч, монгол эмч нар эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг, лаборатори байгуулж, үр шилжүүлэн суулгасан амжилтаараа өндөр хөгжилтэй орны түвшинд хүрсэнд нь бахархмаар.
Тэгвэл Монголын анхны үр шилжүүлэн суулгах төв болох “Юнимед” эмнэлгийг Санкт-Петербург хотын Анагаах ухааны их сургуулийн төгсөгч, эмэгтэйчүүд, үргүйдлийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Р.Хадбаатар үүсгэн байгуулсан билээ. Мөн тэрбээр Монгол Улсын хэмжээнд нөхөн үржихүй, үргүйдлийн чиглэлээр ОХУ-д анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан цор ганц эрдэмтэн юм.
Тэрбээр “Би Санкт-Петербург хотын Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр 1990-1997 онд төгссөн. Үүнээс хойш мэс заслын резидентур, эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлээр суралцсан. Мөн ОХУ-д 2009 онд “Монгол эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан, оношилгоо, эмчилгээ” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Ерөнхийдөө миний мэргэжил, боловсрол Орос оронтой, тэр тусмаа Санкт-Петербург хоттой салшгүй холбоотой” хэмээн дурдав.
78 орны оюутантай мөр зэрэгцэн, чанартай боловсрол эзэмшсэндээ үргэлж олзуурхдаг

Б.Хулан (УНТЭ-ийн хэрх, үе судлалын эмч)
Би ОХУ-ын Санкт-Петербург хотын И.П. Павловын нэрэмжит I анагаах ухааны их сургуулийг 2011-2019 онд хүний их эмч мэргэжлээр суралцаж, төгссөн. Оросын шинжлэх ухаан бол фундаменталь буюу суурь шинжлэх ухаан гэдгээрээ онцлогтой. Тиймээс миний хувьд Оросын сургалтын чанарыг маш сайн гэж боддог. Манай сургуульд гадаад оюутны факультет гэж бий. Дэлхийн 78 орны оюутантай мөр зэрэгцэн, чанартай боловсрол эзэмшсэндээ үргэлж олзуурхдаг.
Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумд төрж, өссөн. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа нийгмийн идэвхтэй, урлаг, соёлын арга хэмжээнд оролцох дуртай хүүхэд байсан. Манай гэр бүлд эмч байхгүй тул ээжийнхээ “Миний охин эмч болоорой. Гэр бүлд эмч хүн байх хэрэгтэй” гэсэн хүсэл, сонголтын дагуу эмч болох замналаа эхлүүлсэн. Ахлах ангиас эхлэн хими, биологийн хичээлд голчлон ач холбогдол өгдөг байлаа. Ингээд ээжийнхээ захиснаар багш нарынхаа амнаас гарч буй үг болгоныг алдалгүй чих рүүгээ оруулах гэж хичээлдээ үнэхээр шамдан суралцсан. Үр дүнд нь аймгийн болон улсын олимпиадуудад шагналт байр эзэлдэг болов. Би ч эмч болно гэсэн бат итгэлтэй байсан учраас зөвхөн хими, биологийн хичээлээр конкурс өгсөн. Гэтэл хангалттай оноо авч, АШУҮИС-д элсэж чадаагүй.
Сэлэнгэ аймаг нийт 32 сумтай. Уг нь сум болгоноос хамгийн шилдэг хүүхдүүд химийн олимпиадад оролцоход би алт, мөнгөн медалийг нь авдаг байв. Гэтэл яагаад ч юм элсэлтийн шалгалт өгөөд АШУҮИС-д элсэж чадаагүй. Тухайн үед манай аймагт 20 хуваарь ирсэн ч би 21 дүгээрт орчихсон юм. Хамраараа таслуулчихсан. Ээж, аав минь “Миний охин гадаадад сур” гээд Эрхүү рүү хэлний бэлтгэлд явууллаа. Ингээд л орос хэлийг шамдан суралцсан. Тэнд байхдаа би нэг ч удаа дөрөв авч үзээгүй. Үргэлж тав авна. Ингээд хэсэг хугацааны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэрэмжит шалгалт өгч, хоёрдугаарт жагсан, Санкт-Петербург хотын Анагаах ухааны их сургуульд элссэн түүхтэй. Энэ бол миний хувь тавилан байсан. Орост сурсан нь ч оносон. Тэндээс би их зүйл сурсан