Сурагчдын өвлийн амралт эхэлж, хүүхдүүд урт хугацааг гэртээ өнгөрүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос долоон дүүргийн гэр хорооллын бү сийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн сургалт зохион байгуулж байна. Уржигдар Сонгинохайрхан дүүргийн 67, 76, Баянголын 146, 113 дугаар сургуулийн IX-XI ангийн сурагчдад угаарын хий гэж юу болох, түүний хор уршгийн талаар ойлголт, мэдээлэл өгч, хордлогоос урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд анхан шатны тусламж хэрхэн үзүүлэхийг заажээ.
Харин өчигдөр Баянзүрх дүүргийн 68, 79, 85, “Амгалан” цогцолбор, “E start” болон Хан-Уулын зарим сургуульд сургалтыг үргэлжлүүллээ. Энэхүү сургалтыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын хүүхдийн ордон хамтран зохион байгуулж буй аж. Тухайлбал, Хүүхдийн ордны Драмын дугуйлангийн сурагчид угаарын хийн хордлогын хор нөлөө, сэргийлэх боломжийн талаар жүжигчилсэн тоглолт толилуулжээ. Энэ нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж, бодит туршлага болж байгааг албаныхан хэллээ. Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сургуулиудад дээрх сургалтыг явуулсан бол ирэх даваа гаргаас Налайх дүүргийнхнийг хамруулах гэнэ.
О.Оргилох