ЭХЭМҮТ-д амьд донороос анх удаа хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь амжилттай болсныг мэдээллээ. Тус төвийнхөн өнгөрсөн тавдугаар сарын 15-нд уг хагалгааг хийсэн бөгөөд хүүхдийн биеийн байдал дээрдэж, эрхтэн ээнэгшин, эмчилгээ үр дүнгээ өгсний дараа ийн олон нийтэд мэдээлж буй аж. Ингэснээр улсын хэмжээнд хүүхдэд бөөр шилжүүлэн суулгасан тохиолдол 15 болж байна. ЭХЭМҮТ-ийнхөн энэхүү мэс заслаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхантай хамтран гүйцэтгэжээ. Энэ үеэр амьд донороос бөөр шилжүүлэн суулгахдаа дурангийн шинэ технологийг ашигласан нь дэвшил болжээ. Цаашид эл технологийг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд өргөн нэвтрүүлэх гэнэ.
Ташрамд дурдахад, өмнө нь зөвхөн УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байсан бол өдгөө ЭХЭМҮТ, ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УHТЭ)-т уг нарийн мэргэжлийн эмчилгээг нэвтрүүлээд буй. Энэ оны аравдугаар сарын 31-ний байдлаар УНТЭ-ийнхэн 333 дахь хүнд элэг, 418 дахь өвчтөнд бөөр, 40 гаруй хүнд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгажээ. Түүнчлэн ХСҮТ 211 хүнд элэг, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг тус бүр хоёр хүнд бөөр, УХТЭ-ийнхэн таван өвчтөнд элэг шилжүүлэх мэс засал хийсэн байна.
О.Оргилох