Манай улс нар, салхинаас цахилгаан эрчим хүч хуримтлуулж, ойр зуурын хэрэглээгээ хангах бүрэн боломжтой. Сүүлийн жилүүдэд ялангуяа нийслэлийн айл өрх, албан байгууллагууд сэргээгдэх эрчим хүч ихээр ашиглах болсон. Тэгвэл ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийнхан цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болсныг өчигдөр мэдээллээ. Чингэлтэй дүүрэгт байрлах тус сургуулийнхан дээвэр дээрээ 72 ширхэг хавтан суурилуулж, нарнаас эрчим хүч хураан авч байгаа аж. Ингэснээр цахилгааны зардалд сар бүр төлдөг 2-3 сая төгрөгөө 100 хувь хэмнэж байна. Түүгээр ч зогсохгүй цаашид өөрсдийн хэрэгцээнээс илүү үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Мандуул онцолсон.
Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэгт сэргээгдэх эрчим хүч орж буй. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Баруун, Зүүн салааны айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчинд холбох төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр болсон билээ. Эдгээр бүсэд агаарын бохирдол хамгийн их тул ирэх зун гэхэд нарны эрчим хүч нэвтрүүлэхээр төлөвлөж, ТЭЗҮ- ийг боловсруулж байгаагаа албаныхан мэдэгдсэн. Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Улаанбаатар хотод нарны эрчим хүчний систем бий болгох бүрэн боломжтойг бид хэдийн туршиж, баталсан. Энэ шийдэл нь аюулгүй, тогтвортой систем” гэдгийг ч илэрхийлээд байна.
М.Гэгээ