Хүүхдийн зүрхний хөнгөн хэлбэрийн мэс засал, эмчилгээг ЭХЭМҮТ-д, хүнд хэлбэрийнхийг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т төвлөрөн хийдэг билээ. Тэгвэл тус эмнэлгийнхэн энэ онд нийт 1206 хүнд зүрх, судасны мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлснээс 191 нь төрөлхийн гажгийн нээлттэй хагалгаа байсныг өчигдөр мэдээллээ. Түүнчлэн зүрх, судасны нийт мэс заслын 226 нь 0-16 насны хүүхэд аж. УГТЭ-ийнхэн өнөө жил энэ чиглэлийн тусламж, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дөрвөн шинэ технологи нутагшуулсан юм байна. Тухайлбал, зүрхний гол судасны хүнд хэлбэрийн хуулрал, нарийслын үед хавхлагыг хиймлээр солихгүйгээр өөрийнхийг нь хадгалж, нөхөн сэргээх мэс заслын арга нэвтрүүлсэн гэнэ. Ингэхдээ титэм судасны эмгэгтэй хавсарч хийсэн нь Монголдоо анхдагч болжээ.
Харин хүүхдийн зүрхний хавхлага болон гол судасны угийн хэмжээ жижиг байдаг тул хиймэл хавхлага хэрэглэх боломж хязгаарлагдмал гэв. Тиймээс хавхлагыг засаж, нөхөн сэргээх эмчилгээг сонгодог байна. Ингэхийн тулд УГТЭ-ийнхэн “БоЯн”-ны техникийг ашиглан механик протезоор солих технологийг амжилттай нэвтрүүлжээ. Түүнчлэн митрал хавхлагыг минимал инвазиваар солих, халдварт эндокардитийн үед хүрцээр хагалгаа хийх аргыг БНСУ-ын зочин профессоруудаас суралцаж, нутагшуулсан гэсэн юм. Уг технологи нь өвчтөний эмнэлэгт хэвтэх хугацааг 2-3 хоногоор богиносгож, шархны эдгэрэлтийг түргэсгэх давуу талтай аж.
О.Оргилох