БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Миракл” төслийн хүрээнд манай улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Нян судлалын лабораторид шинэ үеийн гений дараалал тогтоох (NGS) тоног төхөөрөмж нийлүүлэн суурилууллаа. Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард тус лабораторийн ажилтнуудад зориулан NGS-ийн чадавх бэхжүүлэх сургалтыг БНСУ-д зохион байгуулж, суурь онол, дадлага, өгөгдөл шинжилгээний талаар зааж зөвлөжээ. Эл төхөөрөмж нь генийг уншиж, ямар төрлийн нян болохыг тогтоох, антибиотикт тэсвэртэй, эсэх, олон нянг нэг дор илрүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой гэнэ.
Солонгос мэргэжилтнүүд тоног төхөөрөмжийг энэ сард бүрэн суурилуулж дуусгасан бөгөөд гурван өдөр туршиж, хэрэглээнд дадлагажуулах сургалт хийжээ. Ирэх онд ч мөн давтан сургалт явуулах бөгөөд техникийн зөвлөгөө, дэмжлэгийг тасралтгүй үзүүлэх гэнэ. Ингэхдээ бичил биетний тэсвэржилтийн гений шинжилгээнд суурилсан тэсвэржилтийн механизм тогтоох, тархалтыг хянах чадавхыг хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Ч.Болор