Зайн оношилгооны төвийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд 2024 оны эцэст байгуулсан билээ. Тэгвэл тус төвийнхөн өнгөрсөн хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ зэрэг лавлагаа шатлалын эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарт зайн оношилгоо, дүгнэлт гаргах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн 2025 онд 18 аймгийн эмнэлгээс ирүүлсэн дүрс оношилгооны 4352 удаагийн оношийг баталгаажуулж, зөвлөгөө өгчээ.
Улсын гуравдугаар эмнэлгийнхэн ч мөн үндэсний хэмжээнд телемедициний тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд зүрх, судас, мэдрэлийн мэс засал, зүрхний шигдээс, тархины харвалт, дотрын чиглэлээр зайн оношилгоо хийж, энэ төрлийн хагалгааг удирдаж буй. Зайн оношилгоо, цахим эмнэлгийн тусламжийг өнгөрсөн жил 21 аймаг, алслагдсан нэг дүүрэгт 626 удаа үзүүлсэн гэнэ. Мөн 594 удаагийн алсын дуудлага хүлээн авч, телемедицинээр зөвлөгөө, мэдээлэл өгсөөр байна.
Телемедициний тусламж нь өргөн уудам газар нутагтай Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой үйлчилгээ бөгөөд ялангуяа орон нутгаас онош тодруулах, эмчилгээ, мэс заслын үед хүндрэл гарвал төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нартай шуурхай холбогдон, асуудлыг тэр даруйд нь шийдэх боломжтойгоороо давуу талтай юм.
О.Ундрах