Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сангийнхантай хамтран “Цахим аялал” нэртэй интерактив төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд “Бага ангийн цахим контентын агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн сургагч багш бэлтгэх” танхимын сургалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн бага боловсролын 271 багш, мэргэжилтнийг хамруулан энэ сарын 5-20-нд зохион байгуулж байна. Эхний дөрвөн бүсийн сургалтыг Ховд, Архангай, Дархан-Уул, Орхонд хийсэн бол үлдсэн 14 аймгийн Боловсролын газрын бага боловсрол хариуцсан 14 мэргэжилтэн, 150 багшийг маргаашнаас сургалтад үе шаттай хамруулах гэнэ. Сургалтаар багш нар математик, монгол хэл, хүн ба нийгэм, хүн ба орчин, хүн ба байгаль хичээлийн цахим контентуудын даалгаврыг гүйцэтгэх аргачлалд суралцан, арга зүйн санаа боловсруулж, харилцан туршлага солилцох аж. Төслийн үр дүнд интерактив контентуудыг багш өөрийн хичээлдээ бүтээлч байдлаар хэрэглэх, илүү сонирхолтой, үр дүнтэй бэлтгэн заах чадварт суралцах бөгөөд сургагч багшаар бэлтгэгдсэн нь бусдадаа түгээх юм.
М.Гэгээ