Сүүлийн жилүүдэд иргэд АШУҮИС-ийн харьяа Монгол анагаах ухааны төв эмнэлэгт нойргүйдэл, мэдрэлийн гаралтай өвчин эмгэгийн улмаас хандах нь нэмэгджээ. Тодруулбал, тус эмнэлгээр тухайн жилд үйлчлүүлэгчдийн 62-70 хувь нь ийм шалтгаанаар эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Энэ нь нийгмийн стресс, бухимдалтай холбоотой аж. Гурван удаа магадлан итгэмжлэгдэж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг 11 жилийн турш үзүүлж ирсэн тус эмнэлгийг АШУҮИС-ийн сургалтын бааз гэдгийг оюутнуудаас гадна үйлчлүүлэгчид ийн андахгүй болжээ.
Монгол анагаах ухааны төв эмнэлгийн амбулатори болон төрөлжсөн мэргэжлийн кабинетаар жилд 6000 гаруй хүн үйлчлүүлж, 4500 гаруй нь хэвтэн эмчлүүлдэг гэнэ. Тус эмнэлгийн захирал, доктор Ч.Батнайрамдал “Манайх хануур, самнуур, шивүүр, түрэм, зүү төөнө засал, рашаан, гал зүү, готол, туйплан, сэргээн засах зэрэг 16 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Үүний зэрэгцээ эмчилгээндээ 116 төрлийн уламжлалтын эм тан хэрэглэж, нотолгоонд суурилсан, уламжлалт анагаах ухааны аргаар аутоиммуни, бодисын солилцооны өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна. Тухайлбал, полимиозит буюу булчин сулралын өвчнийг туйплан аргаар үр дүнтэй эмчилдэг болсон. Мөн их сургуулийн бааз эмнэлэг тул уламжлалт анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтыг чанартай явуулахад анхаарч ажилладаг. Нийт эмч, мэргэжилтний 60 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, өдгөө 57 резидент суралцаж байгаа” гэв.
М.Гэгээ