АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Г.Ганбаатар нар ингэж мэдэгдэв. Багш нар ажил хаяж, цалингаа нэмүүлэхийг шаардсаны дагуу Засгийн газраас 50 хувиар нэмэхээр болж, парламент төсвийг нь баталсан. Боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 820 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан аж. Гэвч бодит байдалд багш нарын цалин 50 хувиар биш, 34 жил ажилласан хүнийх 177 мянган төгрөгөөр л нэмэгдсэн гэнэ. Гишүүн Ц.Мөнхтуяа “Багшийн цалин сарын 1.4 сая төгрөг байсан бол 2.2 сая болно гэж нийтээр ойлгосон ч бодит байдалд ийм хэмжээгээр л нэмэгдсэн. Мөн Засгийн газраас баталсан журмын дагуу олгодог урамшуулал, нэмэгдлийг нь хассан байна. Ингэж иргэдийг төөрөгдүүлж, залилан хийжээ. Боловсролын сайдын гаргасан шийдвэрүүд Үндсэн хууль, Боловсролын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн. Тиймээс бид П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна” гэв.
АН-ын гишүүн Ө.Шижир өмнө нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлага мөн тавьсан. Тэгвэл эдгээр нь одоогоор АН-ын бүлгийн албан ёсны улс төрийн байр суурь биш, хувь гишүүдийн санал юм байна. Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн тавьж буй шаардлагыг хүлээн авч, холбогдох сайд нартаа хариуцлага тооцохгүй бол сөрөг хүчнийхэн бүлгээрээ “хөдөлнө” гэдгийг ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь мэдэгдэв. Хаврын чуулган эхлэхээс өмнө Засгийн газар “шүд сугалах”-гүй бол тус намын УИХ дахь бүлгээс Г.Занданшатарын танхимыг огцруулах улс төрийн акцаа албан ёсоор эхлүүлэх гэнэ.
Үүнээс гадна Орхон аймгийн багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурал (ИНХ)-ын даргын сонгуулийн талаар тэд байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу багийн ИНХ-ын төлөөлөгч, Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог. Гэтэл Орхон аймгийн МАН-ын хорооныхон уг асуудалд оролцож, улс төржүүлээд буй аж. Тэд ИНХ-ыг санаатайгаар үймүүлэх, хаалттай, ил тод бус хурал зохион байгуулах, иргэд олноороо оролцох боломжийг хаах зэргээр будилаан үүсгэж буй аж. Мөн багийн ИНХ-ыг зарласнаасаа өөр газар, цөөхүүлээ хийж, хүчин төгөлдөр бус тогтоол гаргаснаа дээш нь хүргүүлэх, эсвэл тамгаа авч зугтах зэрэг явдал тэнд гарчээ. Тиймээс иргэдийн эрх мэдлийн хүрээнд шийддэг асуудалд МАН-ынхан оролцож буйг сөрөг хүчин шүүмжилж, үүнийг таслан зогсоохын төлөө ажиллана гэлээ.
С.Уул