Энхтайваны өргөн чөлөөний дагуу газар доогуур 20-30 метрийн гүнд 19.4 км үргэлжлэх “Улаанбаатар метро төсөл”-ийн бүтээн байгуулалтын тодорхой хэсгийг гадаадын зээлээр санхүүжүүлэхийн тулд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг заавал хийлгэсэн байх шаардлагатай. Тэгвэл уг үнэлгээг боловсруулж дууссаныг өчигдөр мэдээллээ. Төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй БНСУ-ын “Духуа инженеринг” компанийнхан олон улсад эл чиглэлээр туршлагатай “Inogen alliance LLC”-тэй хамтран “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээ” болон “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Ингэхдээ төслийн төлөвлөлт, барилга угсралт, ашиглалт, хаалтын бүх үе шатанд байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус, дам нөлөөллүүдийг олон улсын арга зүй, стандартад нийцүүлэн судалжээ. Мөн Монгол Улсын хууль, тогтоомж, бодлогын баримт бичгүүд нь олон улсын стандартуудтай нийцэж буй, эсэхийг шинжилж, илэрсэн шаардлага, зөрчлүүдийг менежментийн төлөвлөгөөнүүдэд тусгасан аж. Эдгээр нь төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах, удирдах тодорхой арга хэмжээг тусгаснаараа ач холбогдолтой гэнэ.
Ямартай ч энэхүү иж бүрэн үнэлгээ, судалгааны дүгнэлтээр “Улаанбаатар метро төсөл” нь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шаардлагыг бүрэн хангаж, ил тод, хариуцлагатай, тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн болон институцийн суурь нөхцөл нь бүрдсэн гэдгийг албаныхан онцлов. Мөн олон улсын санхүүгийн корпорацуудын стандарт болон зээлийн агентлагууд, олон талт хөгжлийн банкуудын шаардлагуудад нийцжээ.
“Духуа инженеринг”-ийнхэн үнэлгээний явцад иргэд, аж ахуйн нэгж, холбогдох төрийн, төрийн бус байгууллагуудад үйл явцыг тухай бүрд нь танилцуулж, санал хүсэлт, судалгаа авч, олон нийтийн зөвлөлдөх уулзалтуудыг өнгөрсөн оны зургаа болон арваннэгдүгээр сард зохион байгуулжээ. Түүнчлэн метроны шугамын дагуу газар чөлөөлж, нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэхтэй холбоотойгоор физик болон эдийн засгийн нөлөөллийг тодорхойлж, үүнд өртөх иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, нөхөн олговрыг шударгаар олгох, амьжиргааг нь сэргээх зэрэг арга хэмжээг ч төлөвлөгөөнд тусгасан байна.
О.Оргилох