Боловсролын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийн дагуу ерөнхий боловсролын сургуулиуд хүүхэд хамгааллын баг байгуулан, холбогдох хуулийн хүрээнд ажиллуулж эхэлжээ. Өмнө нь хүүхэд хамгааллын үйлчилгээг зөвхөн нийгмийн ажилтан дангаараа хариуцдаг байсан аж. Харин ийм багтай болсноор бүрэлдэхүүнд нь сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер сэтгэл зүйч, эмч, багш нар багтан, хүүхдүүдэд тулгамддаг нийтлэг асуудлуудыг цогцоор нь шийдэж, хариу арга хэмжээг шуурхай авах нөхцөл бүрдсэн байна. Сургуулийн хүүхэд хамгааллын багийнхан юу хийх вэ гэхээр сурагчдад ямар нэгэн асуудал тулгарсан тохиолдолд эхлээд үг дуугүй сонсоно. Дараа нь хэн нэгэн чамайг дээрэлхсэн, эсэхийг, гэр, сургалтын орчинд айдастай байгаа, үгүйг, сэтгэл санаа тавгүй, ганцаардаж буй, эсэхийг үнэлнэ. Мөн найзад чинь тусламж хэрэгтэй болбол бас тэдэнд хандаарай. Энэ бүхний дүнд хүүхэд хамгааллын багийнхан сурагчдын аюулгүй байдлыг хангаж, хамгаалах, мэдээллийг нь чанд нууцлах бөгөөд сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж, дэмжлэг шаардлагатай тохиолдолд үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх юм.
М.Гэгээ