Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн энэ сарын 11- ний ээлжит бус хурлаар монгол бичгийн зөв бичих дүрмийг баталж, бүх нийтээр даган мөрдөхөөр боллоо. Тодруулбал, Монгол хэлний тухай хуулийн 8.1, 8.2, 8.3, 22.1 дэх заалтыг үндэслэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 2025 оны долоодугаар сарын 7-нд монгол бичгийн зөв бичих дүрэм боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэгт МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын хүрээлэн, “Хүмүүн бичиг” сонины төлөөлөл оролцож, хэд хэдэн удаа хуралдсаны эцэст дүрмийн төслийг боловсруулсан байна. Уг төслийг өнгөрсөн аравдугаар сарын 17-нд зохион байгуулсан бүх нийтийн хэлэлцүүлэгт танилцуулж, 60 гаруй эрдэмтэн судлаач, багш нарын санал, дүгнэлт сонссон юм. Тухайлбал, гадаад болон олон хувилбарт үг, оноосон нэр, зарим дагавар, нөхцөлийг хэрхэн бичих зэрэг маргаантай асуудлаар тэдний дэвшүүлсэн санал, зөвлөмжийг зөв бичих дүрэмд тусгажээ.
Монгол бичгийн зөв бичих дүрмийг монгол хэлний адил журамлан, цахим толь бичиг болон хэвлэмэл байдлаар олны хүртээл болгох гэнэ. Одоогоор цахимд байршуулаагүй аж. Ташрамд, Монгол хэлний тухай хуульд зааснаар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж буй.
Ч.Туяа