Эрүүл мэндийн сайд 21 аймагт ажиллах томилолтынхоо хүрээнд Дорноговьд ажиллав. Хотоос 700 гаруй км-т орших тус аймаг Замын-Үүд сумаар Эрээнтэй хиллэдгээрээ онцлогтой. Газар зүйн энэхүү онцлог нь ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар Нэгдсэн эмнэлгийн дарга нь онцолжээ. Тухайлбал, зам тээврийн осол гэмтэл, бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр аж. Төрөлт ч улсын хэмжээнийхтэй адил буурчээ. Тиймээс 2026 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаад буй гэнэ. Үүний хүрээнд он гарснаас хойш эх, нярай, хүүхэд, өсвөр үеийнхний урьдчилан сэргийлэх үзлэгийг өргөжүүлж, дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэн, жирэмсэн болон төрсний дараах тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгойлон анхаарч эхэлсэн байна.
Дорноговьчууд 2025 оныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд 37 253 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж, давхардсан тоогоор 28 569 өвчлөл илрүүлжээ. Үүний дотор хавдрын 36 тохиолдлыг эрт шатанд нь оношилсон гэнэ. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, шинэчлэлийн үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ илүү хүртээмжтэй, чанартай болж, иргэд нутагтаа оношлуулж, эмчлүүлэх боломж өргөжсөн аж. 2020-2025 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 50.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ. Өнгөрсөн онд л гэхэд эмнэлгийн тоног төхөөрөмжид 3.8, барилга, байгууламжид 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, анхан болон лавлагаа шатлалын чадавхыг сайжруулсан гэв.
О.Ундрах