Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 22-ын товчооны дэргэдэх авто худалдааны төвд банк болон банк бус санхүүгийн байгууллагууд (ББСБ)-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 6-16-нд зохион байгууллаа. Өдөрлөгт банк бус санхүүгийн 15 байгууллага, арилжааны хоёр банк оролцож, иргэдэд зээлийн урьдчилгаа төлөлт, уян хатан нөхцөлөөр нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, банк, ББСБ-ууд зээлийн шимтгэлгүй, урьдчилгаагаа 10 хүртэл хувиар бууруулж, зарим нь хүүгийн хувиа 2.3 болгон багасгасан аж.
Ташрамд, тус авто худалдааны төвд “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн 20.5 га талбайд 6375 зогсоол байгуулж, импортын 3000 орчим автомашин, тээврийн хэрэгсэл худалдаалж байгаа аж. Түүнчлэн автомашинтай холбоотой бүртгэл, шилжилт хөдөлгөөн, дугаар олголт, татвар, даатгал, банк, нотариатын үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн бөгөөд 110 байгууллага, аж ахуйн нэгж, 700 гаруй иргэн ажил үйлчилгээ явуулж буй гэнэ.
М.ГЭГЭЭ