Сүүлийн үед ам.долларын ханш харьцангуй тогтвортой буюу савлагаа багатай байгаа бол цаг үеийн онцлогоос шалтгаалан юанийн эрэлт эрс нэмэгдсэнийг “Найман шарга” захын ченжүүд хэлж байна. Жил бүрийн өдийд буюу хүйтний улирал эхлэх үед худалдаа наймаа эрхлэгчид болон аялагчид БНХАУ-ыг зорих нь ихэсдэг тул үүнийг дагаад юанийн эрэлт нэмэгдэж, ханш нь өсдөг аж. Энэ зүй тогтлоор өдгөө хар захад юанийн нөөц хомсдож, иргэд голдуу банкнаас валют худалдан авах болжээ.
Монголбанкны өчигдрийн албан ханшаар нэг юань 540.35 төгрөгтэй тэнцэж байсан бол арилжааны банкнуудад 543-545, хар захад 550 төгрөгт хүрсэн байв. “Найман шарга”-д ченжүүд юанийг өчигдөр 540 төгрөгөөр худалдан авч, үүнээс 6-10 төгрөгөөр илүү үнээр борлуулж байсан юм. Юанийн ханш 550-д хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 47.06 төгрөг буюу 9.5, энэ оны эхэн үеийнхээс 39 төгрөг буюу 7.6 хувиар өссөн дүн болж байна. Импортын бараа, бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг БНХАУ-аас авдаг манай улсад юанийн ханшийн чангарал бусад валютаас жинтэй тусаж, иргэдийн амьжиргаа муудах, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх, худалдааны салбарын ашиг буурах нөхцөл болдгийг ченжүүд хэлэв.
Н.Мишээл