Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын парламентаар батлуулаад ердөө хоёр сар болж буй 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, уржигдраас хэлэлцүүлж эхлэв. Өнгөрсөн оны төгсгөлд 4.3 их наяд төгрөгийн төсөв “боож” оруулж ирээд, тэр чигт нь зүтгүүлсээр НИТХ-аар батлуулсан тэрбээр өдгөө Улаанбаатар хотын төсвийг 2.2 их наядаар нэмэгдүүлэхээр шийдэж. Х.Нямбаатар даргын төсөв урьд өмнөх мээрүүдийн түү хэнд байгаагүйгээр “таргалах” болсныг олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд шүүмжилдэг ч өнгөрсөн жил гурвантаа тодотгосон юм. Тэгвэл энэ удаад тэрбээр 6.5 их наяд болгож нэмэгдүүлэх төсвөөрөө “Улаанбаатар трам” төслийн II дугаар шугамын ажилд 350 тэрбум, Дулааны V цахилгаан станцыг барих 200 тэрбум төгрөгийн бонд босгох, COP17 бага хурал зохион байгуулахад 70.1, өнгөрсөн онд хэрэгжих байсан ч санхүүжилт нь татагдсан дөрвөн төсөл, арга хэмжээнд 9.4, мөн шинэ төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд 9.8, үнэт цаас гаргахад шаардлагатай зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “Асар богино хугацаанд ийм их зөрүүтэйгээр нийслэлийн төсвийг нэмэгдүүлж оруулж ирж буй нь анхаарал татаж байна. Тэр дундаа ард иргэдийн ажил, амьдралд шууд нөлөөлөх хэмжээний өндөр орлогын төсөөлөл оруулж ирсэн нь эрсдэл дагуулж мэднэ. Нэг удаагийн шинжтэй торгууль, хүүгийн орлого, татвар болон татварын бус орлогыг хэт өндөр тооцоолсон нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах магадлалтай. Томоохон мега төслүүдийг ярьж байгаа ч бодит үр ашиг хэзээ гарах нь тодорхойгүй, урт хугацаанд хэрэгжих төслүүдэд хэт өндөр дүн тавьж байна. Жишээ нь, “Улаанбаатар трам” төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн жил боловсруулж байхдаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ, 28 жилийн хугацаанд жил бүр 66 тэрбум төгрөгийг нийслэлээс гаргана гээд батлуулсан. Гэтэл одоо энэ төсөлд 350 тэрбум төгрөг төсөвлөж оруулж ирлээ. Үнэхээр хайран, харамсалтай санагдаж байна” хэмээн төсвийн тодотголыг шүүмжилнэ лээ.
Г.Сансар