Гутлын дэлгүүрүүдийн хамгийн эрэлттэй, гүйлгээтэй бараа нь нумтай гутал, улавч, хөлийн хуруу тэгшлэгч болоод уджээ. Зарим нь хүүхдийн хөлийн тавхайн согогийг үнэгүй оношлох нэрээр бараагаа сурталчлах аж. Ийм төрлийн бизнес цэцэглэсний учир нь сүүлийн жилүүдэд бага насныхны дунд хөлийн тавхай хэсгийн олдмол хийгээд төрөлхийн эмгэг, гажиг хэдэн мянгаараа оношлогдож, аюул дагуулах болсонтой холбоотой. Энэ нь бидний нэрлэж заншсанаар хөлийн ул тэгшрэх буюу нумгүйдэх эмгэг юм.
Хүүхдийн хөлийн нум төрсөн цагаасаа буруу хөгжсөнөөс амархан бүдэрч унах, майжиг болох, эсвэл өвдөг, шилбэ, шагай нь дотогшоо цүлхийх, цаашлаад аарцаг, нуруу, биеийн ерөнхий бүтцэд гажиг үүсгэдэг байна. Үүний уршгаар шөрмөс сойх, яс хадуулах зэрэг хагалгаа хийлгэх тохиолдол элбэг болжээ. Хүний биеийг доргилтоос хамгаалдаг үндсэн хоёр механизм бий. Үүний нэг нь багана нуруу бөгөөд хүзүүнээс ахар сүүл хүртэл нумарсан хэлбэртэй, явах, гүйх, үсрэх, харайх үед биеийг доргилтоос хамгаалдаг. Харин нөгөө нь хөлийн нум юм. Энэ нь дээрх хөдөлгөөнүүдээс ирж буй даралт, доргилтын хүчийг сарниулан, нуруунд ирэх ачааллыг багасгаж, хуваарилах үүрэгтэйг Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийнхөн хэлсэн. Энгийнээр тайлбарлавал, хөлийн ул уртаашаа, өргөөшөө хоёр нумтай. Уртаашаа нум нь хөвчгүй байхыг хавтгай тавхайн согог гэж нэрлэдэг.
Хөлийн нумыг хүний биеийн хамгаалалтын пүрш гэх бөгөөд тавхай хавтгайрснаар бие аливаа доргилтод тэсвэргүй болдог байна. Улмаар бөөр, давсаг, нуруу, тулгуур эд, эрхтэн амархан гэмтэж, ядарч, өвчлөх нь элбэг гэв. Хөлийн нум тэгширснээс улбаатай эдгээр өвчин, эмгэгийг тусад нь эмчлэх нь үр дүнгүй, хугацаа алддаг учраас үндсэн шалтгааныг тодруулах нь зүйтэй. Хүний нэг хөлөнд 26 яс, 41 шөрмөс, 20 булчин, хэдэн зуун мянган ширхэг мэдрэлийн холбоос байдаг бөгөөд энэ нь судастай аалзны тор шиг холбогдсон байдаг аж. Ялангуяа бага насны хүүхдийн хөл нумгүйдэх эмгэгийг эцэг, эхчүүд шинж тэмдгээр нь ялган таньж, нэн даруй оношлуулж, эмчлүүлэхгүй бол эл систем алдагдана. Хүндэрсэн тохиолдолд ясыг хусаж, нум үүсгэх болон шөрмөс шилжүүлэн суулгах хүртэл мэс засал хийдэг юм гэнэ. Хүүхдийн ул хавтгайрах нь цөөнгүй шалтгаантай ч ихэвчлэн хөлд орсон цагаас нь гутал өмсгөхгүй байснаар олдмол гажиг үүсэх нь олширчээ. Мөн нумгүй, тэгш ултай гутал удаан “Паркетын өвчин” буюу хүүхдийн хөл нумгүйдэх эмгэг хугацаанд өмсүүлэх нь эрсдэлтэй. Ерөнхийдөө хатуу гутал, хавтгай гадаргуу нь хөлийн дайсан гэсэн үг. Орчин үед энэ нь паркет шал болж хувираад буйг эмч нар сэрэмжлүүллээ. Зарим эцэг, эх япон, солонгос хүмүүсийг дуурайгаад “Хүүхдийн хөл хүйтэн байх тусмаа ханиад, томуу хүрэхгүй, хоолой нь өвдөхгүй, өлчир чийрэг торнино” гэж үзэн оймс өмсгөхгүй байх нь ч бий. Тэгвэл энэ нь өрөөсгөл гэнэ шүү.
Хөл нумгүйдэх нь удмын, эсвэл төрөлхийнх байх магадлал харьцангуй цөөн аж. Үүнийг ГССҮТ-ийн тандалт, судалгааны үзүүлэлт ч баталж буй юм. 2021-2025 онд тус төвд тавхайн эмгэг, гажгийн улмаас нийт 94 564 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Үүний олонх нь 5-14 насныхан. Тэгвэл тавхайн төрөлхийн гаж хөгжил эл хугацаанд 222 л оношлогдсон байна. Жилд дунджаар 40-45 хүүхэд ийм эмгэгтэй төрдөг гэсэн үг. Эдгээр нь гений, шагайн үений хугарал зэрэг бэртлийн дараах ахиллес шөрмөсний цочрол, тархины саажилт, мэдрэлийн артрит, ясны идээт болон нуруу, үе мөчний үрэвслээс шалтгаалдаг. Хүндрэлийн зэргээс хамаарч сэргээн засах, эмийн болон мэс заслын эмчилгээ санал болгодог гэнэ.
Харин олдмол буюу хөлийн нумын хөгжлийг тохирох насанд нь дэмжиж чадаагүй, булчин хөгжих нөхцөлийг бүрдүүлээгүйтэй холбоотой согог хэдэн мянгаараа бүртгэгдэж байгааг графикт үзүүлэв. Үүний шалтгаан нь хотжилттой холбоотойг эмч, судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Тэр дундаа паркетан шалтай айлууд нийтээрээ гэрийн нөхцөлд хүүхдээ гуталгүй явуулахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Ингэхдээ хөлийн нум дэмжих углааш, гутал өмсгөвөл зохино. Манай улс суурин иргэншил рүү тэгтлээ тэмүүлээгүй байх үед буюу дөрвөн улиралд дураараа нүүдэллэн амьдарч асан цагаас л хүүхдүүд голын зүлэг ширэг, элс, шороо зэрэг бартаат гадаргуу дээр хөл нүцгэн алхаж өссөн. Тэгш бус гадаргуу дээр алхахад хүн хөлөө хумьж, арьс, булчин нь цочирсноор хөлийн нумын шөрмөсийг дээд зэргээр ажиллуулж, тавхай тэгшрэх аюулаас ангид байлгадаг байжээ. Харин монгол ахуй биднээс аажмаар алсрах тусам эдүгээ цагт хотжилтын төрөл бүрийн өвчинд том, жижиггүй энэ мэт өртөх болсон нь харамсалтай.
Б.ЖАРГАЛСАЙХАН: ХОЁРООС ДЭЭШ НАСАНД НУМ ҮҮСЭХГҮЙ БОЛ ЭМГЭГ ГЭЖ ҮЗНЭ
ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл, согогийн тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Жаргалсайханы зөвлөгөө, мэдээллийг хүргэе.
• Сүүлийн үед бага насны хүүхдийн тулгуур эрхтний согогийн дунд хавтгай тавхайн эмгэг дийлэнх хувийг эзлэх болсон. 0-2 настайд хүүхдийн тавхай хавтгай байх нь хэвийн. Харин түүнээс дээш нум үүсэхгүй бол эмгэг гэж үзнэ.
• Тавхай хавтгайрснаар хүүхдийн хөл өвдөх, өвдөгний үенд өөрч- лөлт өгөх, цаашлаад түнх, багана нуруунд гажиг үүсгэдэг.
• Хавтгай тавхайн согог төдийлөн зовуурьгүй учраас эцэг, эхчүүд ажиглаж анзаардаггүй. Тиймээс шинж тэмдгийг таньдаг байх нь чухал.
• Гэрийн нөхцөлд оношлох бүрэн боломжтой. Хэвийн хөл дундуураа хотойсон, нумтай байна. Тавхайгаараа бүтэн гишгэж байвал хавтгайрсны шинж. Үүнийг сайн анзаараарай. Араас нь харахад л андашгүй, хөлөөрөө газар бүтэн гишгэдэг.
• Хүүхдийг аль болох чөлөөтэй гүйлгэж, үсэрч харайхыг нь дэмжих хэрэгтэй. • Аль болох гэрт, паркетан шал, хивсэн дээр хөл нүцгэн бүү явуул.
• Зөв ултай, зуузайтай, нумтай гутал байнга өмсгөж хэвшээрэй.
• Хэрэв хүүхдийнхээ тавхайг хавтгай байна гэж үзвэл гэмтэл, согогийн төрөлжсөн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе.
ПАК ТЭ ХҮН: ЗУНЫ УЛИРАЛД ЗҮЛЭГ, ЧУЛУУН ДЭЭР ХӨЛ НҮЦГЭН АЛХАЖ ДАДААРАЙ
БНСУ-ын Сувон Вельсийн нэрэмжит сээр, нурууны эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурласан дадлагажуулах хөтөлбөрийг Монгол, Орос, Казахстан, Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг оронд хэрэгжүүлдэг билээ. Тус эмнэлгийн Үе мөчний төвийн их эмч Пак Тэ Хүн хавтгай тавхайн согогийн талаар ийн өгүүлэв.
• Зөөлөн ултай, биегүй гутал нь хөлийн нумны эсрэг ажилладаг. Хүүхэд, том хүн гэлтгүй бойтог, кет, пүүз, эсгий гутал, балерина, резинэн углааш өмсөх нь маш тохиромжгүй. Ямар ч тохиолдолд бага насны охидод 0.5-2 см хүртэлх өсгийтэй гутлыг гоёлын зориулалтаар ч бүү өмсгөөрэй.
• Зуны улиралд бүх нийтээрээ зүлэг, чулуу зэрэг байгалийн гадаргуу дээр хөл нүцгэн алхаж дадаарай.
• Дөнгөж төрсөн хүүхдийн нум хөгжөөгүй байдаг. Тавхайн нумыг бүрдүүлдэг дотор талын шөрмөсний уян хатан чанарыг бэхжүү- лээгүйгээс тэр чигээрээ үлдэх нь бий. Тиймээс эцэг, эхийн үүрэг, оролцоо чухал.
• Хөлийн зөв бүтэцтэй хүний уланд бэх түрхээд цаасан дээр гишгүү- лэхэд тавхайн зарим хэсэг нь дарагддаггүй. Харин нумгүй хүний тавхайн хэлбэр бүхэлдээ харагдана. Гэрийн нөхцөлд өөрсдийн болон хүүхдийн хээ тавхайг ингэж шалгах боломжтой.
• Хүүхдүүд гүйх, хол зайд алхахаас зайлсхийх, насанд хүрэгчид хөлний дотоод нум нь “арилж”, өсгий нь гадагшаа хазайх, гутлын дотор тал илүү элэгдэж, удаан алхах, дасгал хийхэд өвддөг бол эмчид яаралтай хандаарай.