Боловсролын ерөнхий газар Монголын скаутын холбоо хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сайн дурын бүлэг байгуулах, ирээдүйн сайн иргэн төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна. Тодруулбал, хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуульд бүрд скаутын бүлэг байгуулах, скаутын үндсэн хөтөлбөрийг тэгш хүртээмжтэй хүргэх, суралцагч, залуучуудын хөгжил, төлөвшилд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ суралцагчдад сайн дурын нөлөөллийн ажлаар дамжуулан хөгжил, хамгааллын олон талт арга хэмжээнд оролцуулах, ирээдүйн сайн иргэн, эцэг, эхийг төлөвшүүлэх чиглэлээр ажиллах аж.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2026 оныг Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны жил болгон зарласан. Скаутын хөдөлгөөн нь дэлхий даяар 60 сая гаруй гишүүнтэй бөгөөд үүнээс 4.5 сая орчим нь насанд хүрсэн сайн дурын ажилтан гэнэ. Ташрамд, Монголын скаутын холбоо нь 1991 оноос тогтвортой хүүхэд, залуучуудын хөгжил, сайн иргэн төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны байдлаар 15 000 гаруй гишүүнтэй, 2500-гаад багш, сайн дурын ажилтантай аж.
Ч.Цэлмэг