Хөрөнгийн зах зээлийг урт болон дунд хугацаанд тогтвортой, үе шаттайгаар хөгжүүлэх, зах зээлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Олон улсын санхүүгийн корпорацтай (ОУСК) хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг өчигдөр байгууллаа. Үүний хүрээнд “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох таван жилийн иж бүрэн стратеги боловсруулах аж. Талууд салбарынхаа өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, олон улсын жишиг болон ижил түвшний, хөгжингүй зах зээлүүдтэй харьцуулсан үнэлгээ гаргах гэнэ. Мөн өмнө хэрэгжүүлсэн бодлого, шинэчлэлийн үр нөлөөг үнэлж, цаашдын хөгжлийн тэргүүлэх чиглэл, бодлогын хэрэгжилтийн замын зураглалыг тодорхойлохыг СЗХ-ноос мэдээллээ. Үүнээс гадна манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг Дэлхийн банкны “Capital мarket рreconditions framework”-д тулгуурлан үнэлэх бөгөөд бизнесийн болон хууль, эрх зүйн орчин, банкны тогтолцооны тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын оролцоо, институцийн чадавх зэрэг үндсэн чиглэлийг хамруулахаар төлөвлөжээ. Дээрх төслийг 2027 оны аравдугаар сар хүртэл хэрэгжүүлэх юм байна.