Элсэлтийн шалгалт хаяанд тулахтай зэрэгцээд их, дээд сургуулиудын ирэх хичээлийн жилийн оюутан элсүүлэх босго оноог уламжлал ёсоор шинэчлэн тогтоогоод байна. Сургуулиуд 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх босго оноо, журмаа боловсруулсан бөгөөд түүнийг нь Боловсролын сайд А/34 дүгээр тогтоолоор баталж, жагсаалтыг танилцуулав. Босго оноо тогтоох тухай тус тушаалд орон нутагт оюутан элсүүлэхэд баримтлах элсэлтийн шалгалтын доод оноог бакалаврын түвшинд 430-аар тогтоосон бол нийслэлд 450-500 байх нь. Босго оноо нь тухайн мэргэжлийн төрөл, төр, хувийн хэвшлийн сургуулиас хамаарч харилцан адилгүй тогтоогдсон тул элсэгчид салбарын яамнаас гаргасан жагсаалттай танилцаж, бакалаврын хөтөлбөрөө сонгохыг зөвлөсөн.
Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэх элсэлтийн шалгалтын үндэсний босго оноог Боловсролын сайдын А/228 тоот тушаалаар тогтоосон бөгөөд энэ нь өмчийн хэлбэр, мэргэжлийн төрлөөс хамаарч өөр өөр байв. Тухайлбал, төрийн өмчийн их сургуулийн босго оноо 450-480, орон нутгийнх 400-гаас дээш, дээд сургууль, коллежийнх 410 байсан аж. Эдгээр нь үндэсний хэмжээнд тогтоосон хамгийн бага үзүүлэлт бөгөөд зарим сургууль өөрсдийн чансаанд тохируулан оноогоо нэмсэн байдаг.
Тэгвэл их, дээд сургуулиудын ирэх оны хичээлийн жилийн оюутан элсүүлэх босго ийнхүү 20-30 оноогоор өндөрсөөд байгаа юм. Сургуулиуд элсэлтийнхээс гадна тухайн мэргэжлээр ур чадварын шалгалт давхар авдаг. Үүнийг ихэнх нь 450-500-гаар тогтоожээ. Жишээ нь, ойн болон мал аж ахуй, анагаах ухаан, мал эмнэлэг, агаарын тээврийн үйлчилгээ, батлан хамгаалах, цагдаа, шүүх, мөрдөх алба, онцгой байдал, хил, дотоодын цэрэг, шалган нэвтрүүлэх зэрэг хөтөлбөрийн ур чадварын босго оноо 490-500 байх аж.
О.Ундрах