Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдрийн шуурхай хурал дээрээ боловсролын зургаан шинэчлэлийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв. Тэр дундаа PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг зогсоосон байгааг онцлон мэдэгдэв. Манай улс 2022 онд анх удаа уг үнэлгээнд ерөнхий боловсролын сургуулийн 15 настай хүүхдүүдийг хамруулсан юм. Үнэлгээгээр нийслэлийн сурагчид болон сумын хүүхдүүдийн дунд боловсролын ялгаа гурван жилийн зөрүүтэй, аймаг, сумын сургуулийн сургалтын чанарт зааг гарчхаад байгааг илчилсэн. Эл ялгаа, хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гаргасан байхад хэрэгжүүлсэнгүй. Дараагийн үнэлгээнд бэлдэх гэтэл зогсоочихсон байна хэмээн салбарын сайд нь унтууцсан юм.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад “2025 онд PISA үнэлгээний шалгалтад манай улс хамрагдсан. Нэгдсэн дүн ирэх намар гарна. Тухайн шалгалтыг зохион байгуулж, ажилласан хүмүүсийн цалин, урамшууллыг олгоогүй асуудлыг сайд ярьсан болов уу. Энэ талаар эргэж сайн лавлаад мэдээлэл өгье. Бид бүхэн монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулах гээд тун завгүй байна” гэв.
PISA үнэлгээнд хамрагдсанаар монгол сурагчид дунд сургууль төгсөөд цаашид суралцах чадвар хэр эзэмшсэн, Засгийн газар, боловсролын салбар болон сургуулиуд юуг анхаарч сайжруулах шаардлагатайг тогтоох, бусад орны сургалтын орчин, суралцагчдын сурлагын амжилттай өөрийн улсыг харьцуулах зэрэг өндөр ач холбогдолтой юм.
Ч.Цэлмэг