Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод буй зүрх, судасны эмгэгийг бууруулахад чиглэсэн үндэсний хэмжээний томоохон төслийг олон жилийн турш хэрэгжүүлж буй билээ. Хамгийн сүүлийн шат нь “Зүрх, судасны үндэсний төв” төсөл бөгөөд Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл уг ажлын хүрээнд тус улсын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т зочилж, төслийн явцтай танилцсан байна. Гүсти Граас “Уг айлчлал нь хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг улам бэхжүүлж, зүрх, судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах чухал үйл явдал” гэдгийг онцолжээ.
Мөн энэ үеэр УГТЭ-ийнхэн зүрх, судасны тусламж, үйлчилгээний өнөөгийн хөгжил, хэтийн зорилгоо танилцуулж, сүүлийн 25 жилийн хугацаанд Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй дээрх төслийн явцыг тайлагнаж, талархлаа илэрхийлсэн байна. Тус эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир “Манайх 1954 онд байгуулагдсан цагаас хойш л зүрх, судас, мэдрэлийн чиглэлээр үндэсний хэмжээнд тэргүүлэх тусламж, үйл чилгээ үзүүлж байгаа”-гаа онцолж, Монголд зүрх, судасны өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгааг тэмдэглэв.
Монгол, Люксембургийн хамтын ажиллагааны хүрээнд төслийг 2001 оноос хойш таван үе шаттай хэрэгжүүлж буй аж. Одоогоор 21 аймаг, есөн дүүргийг хамарсан, төслийн эхний дөрвөн үе шатыг дуусгаж, тав дахь нь ийнхүү үндэсний төв байгуулахаар ажиллаж байна. Ташрамд, сүүлийн таван жилийн хугацаанд УГТЭ-ийнхэн гадаадад хийгддэг байсан зүрх, судасны нарийн төвөгтэй мэс заслыг эх орондоо нутагшуулж, 6500 гаруй хагалгаа хийн, 39 тэрбум төгрөгийн валютыг дотооддоо үлдээсэн нь төслийн үр дүн гэв. 120 ортой, орчин үеийн иж бүрэн тоноглолтой, Зүрх, судасны үндэсний төвийг 2029 онд ашиглалтад оруулах бөгөөд ингэснээр оношилгоо, мэс засал, яаралтай тусламж, сэргээн засах эмчилгээг нэг дор төвлөрүүлэх боломж бүрдэх аж.
О.Ундрах