Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг хүүхдийн хоолны шим тэжээлийг ясны шөлөөр баяжуулан кальцийн агууламжийг нэмсэн сайн туршлагаа нийслэлийн есөн дүүргийн хоол зүйч, тогооч нарт хуваалцсан байна. Тухайн цэцэрлэгийн тогооч нар булууны яснаас гаргаж авсан шөлийг хоол, хүнсний бүтээгдэхүүндээ өргөн ашигладаг аж. Тодруулбал, ясны шөлийг 40:60 харьцаатай шингэлэн, 200-250 мг хэмжээтэйгээр хүүхдүүдэд өгч хэвшжээ. Ингэхдээ бууцай, шар хулуу, цэцэгт байцаа зэрэг 10 гаруй нэр, төрлийн нарийн ногоог шим тэжээлийг нь алдагдуулахгүйгээр хагас боловсруулан, гүн хөлдөөж, бэлдэц бэлтгэдэг гэнэ. Хүрэн манжин, шар хулуу, бууцайг цагаан гаа, нимбэг, зөгийн балаар амтлан төрөл бүрийн дархлаа дэмжих амтат цай хүртэл бэлдэж, хүүхдүүдэд өгдөг өж. Мөн бууз, банш, цуйван, талх мантуу зэрэг бүтээгдэхүүнийг урьдчилан бэлтгэсэн ногоогоор баяжуулж, ясны шөлөөр бэлтгэдэг нь хоолны шим тэжээлийн агууламжийг нэмж, хүүхдийн хоол идэх дуршлыг дээшлүүлдэг байна.
327 дугаар цэцэрлэгийн хамт олон ясны шөл, нарийн ногоогоор баяжуулсан технологийн карт, цэс боловсруулж, нийт 199 төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээр энэ хичээлийн жилд хүүхдүүдэд үйлчилж буй туршлагаа хуваалцжээ. Үүний үр дүнд тус цэцэрлэгийн багачуудын шүдний өвчлөл мэдэгдэхүйц буурсан байна. Өнгөрсөн онд хүүхдүүдийн 60.6 хувь нь шүд цоорсон байсан бол энэ онд 42.2 хувь болж, өмнөх онынхтой харьцуулахад 18.4 хувиар буурчээ. Түүнчлэн томуу, томуу төст өвчин багасаж, жин болон эрдсийн дутагдал буурсан эерэг үр дүн гарсан гэнэ.
Ч.Цэлмэг