Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, эрчим хүч болон нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөж буйгаа өчигдөр мэдээлэв. Уг санхүүжилтийг Дулааны V цахилгаан станц болон “Улаанбаатар-Трамвай” төсөлд зарцуулна гэдгийг нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хуралд нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцуулсан юм. Тэрбээр “Энэхүү санал нь Өрийн удирдлагын тухай хууль болон Засгийн газрын өрийн стратегийн шалгуурт нийцэж байгаа бөгөөд нийслэлийн өрийн түвшин тогтоосон босго хэмжээнээс доогуур байна. Гаргах үнэт цаасны санхүүжилтийн дийлэнх буюу 250 тэрбум төгрөгийг Дулааны V цахилгаан станцын, үлдсэн 50 тэрбум төгрөгийг “Улаанбаатар-Трамвай” төслийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөсөн гэв.
Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, төвийн бүсийн ачааллыг бууруулах, 100 мянга орчим айлыг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхийг зөвлөлийн хурлын үеэр тодотгов. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах технологийг нэвтрүүлж, утааны хорт бодисын ялгарлыг мэдэгдэхүйц багасгах гэнэ. Харин “Улаанбаатар-Трамвай” төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмж, чанар сайжирч, хот доторх зорчих хугацаа богиносох, замын түгжрэл буурахыг мөн онцолсон. Улаанбаатар хот ирэх онд нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж, шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Ч.Цэлмэг