Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг чадавхжуулах болон дутагдлыг нөхөх арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 332 сургуульд 336 мянга гаруй сурагч англи хэлний хичээл үзэж байна. Англи хэлний 1403, англи, орос хэлний 129, нийт 1532 багш хичээл орж байгаа. Багшийн долоо хоногийн ачааллыг дунджаар 22 цагаар тооцож үзэхэд нийслэлийн хэмжээнд 210 багш дутагдалтай гарсан. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаагаар өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний байдлаар нийслэлийн найман дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байна” гэв.
Нийслэлийн боловсролын газраас ерөнхий боловсролын зарим сургуульд гадаадаас англи хэлний багш ажиллуулж байгаа туршлагыг үндэслэн зардлыг 200 багшаар тооцож үзэхэд 3.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Филиппин болон бусад орны багш нарыг ажиллуулах нь сурагчдад англи хэлний мэдлэгийг өндөр түвшинд олгоход чухал бөгөөд багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах, боловсон хүчнийг нэмэхэд үр нөлөөтэй гэж үзжээ. Тэгвэл сургууль бүрд хэдэн гадаад багш өдөрт, долоо хоногт хэчнээн цагаар ажиллах, хотын захын сургуулиудад хүүхдийн тооноос хамаарч 2-3 багш томилох, үр дүнг нь хэрхэн тооцож гаргахыг нарийн тодруулахыг төлөөлөгчид санал болгов. Эдгээр асуудлыг ирэх даваа гарагт болох нийслэлийн ИТХын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг Хүний хөгжлийн хорооны хуралдаанаар дэмжлээ.
Ч.Цэлмэг