Боловсролын яамны удирдлагууд ХБНГУын Саксони муж улсад ажиллаж, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр албан ёсны хэлэлцээрүүд хийснээ мэдээллээ. Үүний хүрээнд тус улсын Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яам болон таван их сургуулийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын аж үйлдвэржилт, дижитал шилжилт, ногоон хөгжил, дэд бүтцийн шинэчлэлийн салбарт олон улсын түвшний инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэхээр болжээ. Хэлэлцээрийг Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан хийж, 2026 онд эхний 100 оюутан элсүүлж, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Уг санаачилга нь хоёр улсын боловсрол, технологи, инновац, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх чухал алхам болно гэдгийг талууд онцолжээ. Мөн механик инженерийн хөтөлбөрт суралцагчдыг ирэх хичээлийн жилээс “Дрездэн HTW” хэрэглээний шинжлэх ухааны сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн гэв.
М.Гэгээ