Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон албаныхан хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн уулзалтуудыг хийж байгаа билээ. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлага, хамт олонтой уулзсан байна. Мал эмнэлгийн үйлчилгээ, лаборатори, эмийн сан, малчдын сургалтын төвийг нэг дор төвлөрүүлэн ажиллуулах зорилготой “Нэг сум-Нэг мал эмнэлэг” төслийг хэрэгжүүлэхээр 2018 оноос хойш ярьж байгаа ч ажил огт ахихгүй байгааг орон нутгийнхан уламжиллаа.
Улсын хэмжээнд мал эмнэлгийн байгууллага даяар ашиглаж буй цахим бүртгэлийн систем гацдаг, зарим тохиолдолд огт ажилладаггүйг малын эмч нар хэлэв. Түүнчлэн сумд хүнсний аюулгүй байдал алдагдсаныг өвөрхангайчууд онцлов. Сумын төвүүдэд хүнсний хяналтын лаборатори байдаггүй, хяналт хариуцсан байцаагч зарим сумд нь ажилладаг ч ачаалал ихтэй, мөн улсын байцаагчийн эрхгүй, хяналт, шалгалтын ажлын зардалгүй зэрэг бэрхшээл байгаа гэнэ. Мөн мал аж ахуйн салбараар мэргэшсэн залуучууд орон нутагт очдоггүйгээс хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбар, тасгууд хүний нөөцийн дутагдалд оржээ. Мал эмнэлгийн салбарынхны хувьд цалин хангамж муутай, хөдөө малчдын хот, халдварт өвчний голомтод ажилласан томилолтын мөнгөө ч авч чадахгүй хэдэн сар, жил болдог аж. Тэгвэл салбарын яамны зүгээс хүний нөөцийн хангамж, ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг анхаарах, техник, тоног төхөөрөмж болон вакцины чанар, хангамж, хүртээмжийг сайжруулахад анхаарна гэдгээ илэрхийлжээ.
С.Цэрэн