Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжил, донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, гадаадын хамтын ажиллагааг хэлэлцэх “ICOT V-2026” олон улсын чуулган Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. “Нэг үндэстэн-нэг алсын хараа” уриан дор болж буй тус чуулганд Монгол, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Турк зэрэг орны 20 гаруй доктор, профессор, 30 орчим тэргүүлэх мэргэжилтэн оролцож, дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар туршлага солилцож байна.
Чуулганы хүрээнд зохион байгуулах эхний сургалт Хавдар судлалын үндэсний төвд болж, элэг, цөс, нойр булчирхайн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдав. Энэ үеэр олон улсын эмч нар хамтран элэг, нойр булчирхай тайрах арга, туршлагаа хуваалцжээ. Мөн роботын тусламжтай элэг тайрах мэс заслыг тусгай орчинд хийж, туршсан аж. ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч Г.Үнэнбат “Манайх жил бүр элэг, цөс, нойр булчирхайн 800-900 мэс засал хийдэг. Дэлхий даяар энэ чиглэлийн мэс заслаар мэргэшсэн 3000 орчим мэргэжилтэн байдаг юм билээ. Тэдний 65 нь монгол эмч” гэв.
О.Ундрах