“Мандал ассет менежмент” компанийн “Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарчээ. “Asia fintech awards” шалгаруулалтыг санхүүгийн технологийн салбарын мэдээлэл, судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч платформ болох “FinTech intel” байгууллагаас жил бүр Сингапур улсад зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн уралдааны эцсийн шатанд Азийн бүс нутгаас 200 орчим компани, баг 22 номинацад өрсөлдсөн бөгөөд “Мандал ассет менежмент”-ийн хуримтлалын аппликэйшн таван ангилалд шалгарснаас “Оны шилдэг хөрөнгийн удирдлагын систем” төрөлд тэргүүлжээ. Харин тус наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Оны шилдэг финтек” төрөлд сүүлийн шатанд есөн компани өрсөлдсөнөөс Сингапурын “Finmo tech” компани ялагчаар тодорчээ. “Finmo tech” нь байгууллагуудад зориулсан олон улсын төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлгийн платформ хөгжүүлэгч, томоохон компани аж. Ташрамд дурдахад,”Мандал ассет менежмент”-ийн сүүлийн дөрвөн жилд хөгжүүлж буй “Мандал хуримтлал” аппликэйшн хэрэглэгчийн тоо 110 мянгаас давжээ.
Ж.Сувд