Төгрөгийн ханш юанийн эсрэг огцом суларч байна. Монголбанкнаас зарласан ханшаар юань өчигдөр 535 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд 536.5 төгрөгөөр худалдан авч, 538 төгрөгөөр борлуулж байсан юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард юанийн ханш 14 сарын дээд цэгтээ хүрч, чангарч байв. “Блүүмберг”-ийн мэдээлэлд өнгөрсөн мягмар гаргийн албан ханш 529.1 нэгжийн түвшинд буй нь 2023 оны хоёрдугаар сард хүрсэн дээд цэг болох 519.7-гоос даруй 10 нэгжээр суларсан үзүүлэлт болсныг дурджээ.
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд таван тэрбум юань буюу нэг их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг хоёр орны худалдааг дэмжих, эдийн засгийг хөгжүүлэх, богино хугацааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх замаар санхүүгийн зах зээлийг тогтворжуулах гэсэн үндсэн хоёр зорилгоор анх 2011 онд байгуулсан. Үүнээс хойш своп хэлцлийн ерөнхий гэрээний дүнг 2012, 2014 онд тус бүр таван тэрбум юаниар нэмэгдүүлсэн бол гэрээний хугацааг 2014, 2017, 2020, 2023 онд тус бүр гурван жилээр сунгасан юм. Олон улсын зах зээлд юанийн ханш голлох валютын сагсны эсрэг сүүлийн нэг жил гаруйн дээд түвшиндээ хүрчээ. Ташрамд, өнгөрсөн зургаадугаар сард төгрөгийн ханш юанийн эсрэг түүхэн доод түвшиндээ хүрч суларч байв.
Д.Хэрлэн