Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор 2026-2027 оны хичээлийн жилд 15-20 төрөлжсөн ахлах сургууль байгуулж, мөн 3000-аас дээш суралцагчтай 38 сургуулийг ийм сургалттай болгохоор бэлтгэж буйгаа Боловсролын яамнаас мэдээлсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан төрөлжсөн ахлах сургуулиудад хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө, удирдамжийг тус яамнаас баталж, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүргүүлжээ. Мөн энэ шийдвэрийн хүрээнд ахисан түвшний хөтөлбөрийг бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийг дээд боловсролын сургалтын байгууллагын захирал, ректоруудад өгсөн байна.
Төрөлжсөн ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөөний заавал судлах чиглэлд байгалийн болон нийгмийн ухааны 10 хичээлийг багтаажээ. Тодруулбал, монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, англи хэл, математик, биологи, физик, хими, газар зүй, түүх, нийгэм судлал зэргийг заавал судлах шаардлагатай гэж үзсэн аж. Эдгээр хичээлийг судлах цагийг 10-12 дугаар анги тус бүрд ялгаатай тогтоосон байна. Жишээлбэл, ахлах ангийн сурагчид англи хэл, математикийн хичээлийг жилд хамгийн багадаа 102 цаг үзэх ёстой гэж төлөвлөгөөнд тусгасан бол түүхийг 34, байгалийн болон нийгмийн ухааны ихэнх хичээлийг 68 хүртэлх цаг судлуулахаар заажээ. Харин сонгон судлах чиглэлд бүрэн дунд боловсролын болон олон улсын, ахисан түвшний хөтөлбөр, чадамжид суурилсан мэргэжлийн сургалт зэргийг багтаасан аж. Эдгээрийн цагийг жилд 340-850 байхаар тогтоожээ.
Н.Мишээл