Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн Франц, Тайванийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зүрхний төрөлхийн гажиг, уруул, тагнайн сэтэрхий болон нүүрний гаж хөгжилтэй 30 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийснээ мэдээллээ. Тодруулбал, Франц улсын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багийнхан манай эмч нартай хамтран зүрхний төрөлхийн гажигтай 10 хүүхдэд хагалгаа хийсэн байна. Тэдний наймд нь цусны зохиомол эргэлтийн аргаар нээлттэй мэс засал хийж, тосгуур болон ховдол хоорондын таславчийн цоорхой, тосгуурховдлын нэгдсэн суваг, гол судас болон уушгины артерийн цонх зэрэг төрөлхийн гажгийг засжээ. Мөн хоёр хүүхдийн гол судасны хүнд зэргийн нарийслыг эмчилсэн гэнэ.
Тэгвэл Тайванийн “Noordhoff craniofacial foundation”, Чанг-Гун эмнэлгийн пластик мэс заслын эмч, профессор Лун Жоу Лоугаар ахлуулсан багийнхан уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий болон нүүрний гаж хөгжилтэй 20 хүүхдэд согог засах хагалгаа хийсэн нь амжилттай болжээ. Энэ үеэр манайхан олон улсын эмч, мэргэжилтнүүдээс туршлага судалж, дэвшилтэт арга, технологитой танилцан, хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.
О.Оргилох