Бага боловсролын тэр дундаа нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилсэнтэй холбоотойгоор сурах бичгийн ханган нийлүүлэлт бага зэрэг удаашрах төлөвтэй. Гэсэн ч ирэх сарын 1 гэхэд 100 хувь хангахаа Боловсролын ерөнхий газраас өчигдөр мэдээллээ. Тус газрын дарга Х.Тамир ерөнхий боловсролын сургуулиудад дутагдалтай байгаа сурах бичгүүдийг нөхөн хэвлэх, түгээх ажлын багц тендер зарлаад буйг хэлээд “Одоохондоо 2-5 дугаар ангийнхны сургалт өмнөх жилүүдийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул сурах бичгийн нөөц хангалттай. Гэхдээ сурагчдын тооноос хамаарч жил бүр сурах бичгийн хүрэлцээ муу, нөхөн хэвлэх шаардлага гарсаар ирсэн. Энэ жилийн тухайд зарим сургуульд нөөц сурах бичгүүдээс хуваарилахаар болсон” гэв.
2026-2027 оны хичээлийн жилд I ангийн шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд 508 840 багц буюу 3.8 сая ширхэг сурах бичиг хэвлэж, түгээх тооцоолол гаргасан. Тэгвэл 6-12 дугаар ангид түрээсний нийт 303 514 сурах бичиг ашиглахаар төлөвлөжээ. Үүний 71 хувийг улсаас хангах нөөцтэй бөгөөд үлдсэнийг нь шинээр хэвлэх аж.
М.Гэгээ