Боловсролын салбарт энэ хичээлийн жилээс багагүй өөрчлөлт оруулж, төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль нээж ажиллуулж буй билээ. Тэгвэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Таван бүсэд кэмбрижийн тогтолцоотой, 40-50 сумд сум дундын төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Орон нутагт гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль байгуулах зайлшгүй хэрэгцээ бий. Дотуур байрны асуудлыг үе шаттай шийднэ. Ингэж байж хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгана” хэмээн өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн.
Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиуд эхнээсээ “хөдөлгөөн”-д орж бужигнаж буй аж. Тухайлбал, Увс аймгийн хэмжээнд 27 ахлах сургууль байдаг бөгөөд эхний ээлжид байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар болжээ. Тус аймаг төрөлжсөн ахлах сургуульдаа МУИС, ШУТИС- ийн кредиттэй хөтөлбөрийг нэвтрүүлэх гэнэ. Мөн 3-9 дүгээр ангийн сурагчдын түвшнийг тогтоож, сайжруулах арга зүйгээ боловсруулжээ. Түүнчлэн Архангай аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийг математик, байгалийн ухааны төрөлжсөн ахлах сургууль болгох аж. Хүүхэд цөөрсөн багийн бага сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг ийн өөрчлөх юм байна. Дорноговийн Сайншанд, Замын-Үүдэд төрөлжсөн ахлах сургууль байгуулах бэлтгэл ажлыг ч хангаж буй юм.
Ч.Болор