Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд шинээр ашиглалтад оруулсан болон их засвар хийсэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны ашиглаж буй будаг, дотоод орчны агаараас сорьц авч шинжилгээ хийсэн юм. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 25-ны дотор дээж авч дууссан бөгөөд хариу нь гарсан байна. Шинжилгээний дүнгээр зарим сургууль, цэцэрлэгийн будгийн дээж болон дотоод орчноос давтан шинжилгээ авч эхэлжээ. Учир нь шинжилгээгээр хар тугалга, бензол зэрэг хорт бодисын агууламж хэмжээнээс давсан байна. Үүнийг эцэслэн тогтоосны дараа хорт бодисын агууламж өндөр гарсан сургууль, цэцэрлэгийн будгийг бүрэн хуулж, дахин будах гэнэ. Энэ талаар Боловсролын яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Түвшинжаргал “Будгаас болон дотор агаар орчны гэсэн хоёр төрлийн сорьцоор шинжилгээ авсан. Агаар орчны шинжилгээгээр бензол болон хорт бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс ахиу гарсан сургууль, цэцэрлэг бий. Мөн будгаас хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарлаа. Иймд дахин шинжилнэ” гэв.
Цаашид сургууль, цэцэрлэгийн их засвар, будгийн ажлыг жил бүрийн наймдугаар сарын 1-нээс өмнө бүрэн дуусгаж байхыг Боловсролын яамнаас анхааруулсан байна. Ташрамд дуулгахад, дээрх шинжилгээг улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгт хийх гэнэ.
Ч.Цэлмэг