ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулган Филиппин улсын Манила хотод болж байна. Энэ үеэр тус хорооны захирал Саиа Мау Пиукалагийн тавьсан илтгэл олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын анхаарлыг татаад буй. Эл бүс нутагт төдийгүй дэлхий дахинд улаанбурхан өвчин эргэн сэргэж буй халдварт өвчин болоод байгааг тэрбээр онцоллоо. Уг өвчнийг устгахын тулд улс орнууд өнгөрсөн хугацаанд уул нуруу, гол мөрөн гаталж, хүн ам шигүү суурьшсан хот, алслагдсан арлуудад хүрч, ард иргэдийг вакцинжуулснаар эл халдвараас ангижирч байв. 1974 оноос хойш дархлаажуулалтын тусламжтайгаар 94 сая орчим хүний амийг аварсны 12 сая нь Номхон далайн баруун бүсийн орнуудад ногдож байна. Гэвч сүүлийн жилүүдэд “Ковид-19”-ийн үеийн дархлаажуулалтын тасалдал, вакцины талаарх буруу ташаа мэдээлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор улаанбурхан дахин дэгдэхэд хүрчээ.
Номхон далайн баруун бүс нутагт дэлхийн хүн амын дөрөвний нэгээс илүү хувь нь буюу 2.2 тэрбум хүн амьдардаг аж. Иймд хил дамнасан халдварын эрсдэлээс хүн бүрийг хамгаалах нь улс орнуудын хамтын хариуцлага болоод буйг хөндлөө. ДЭМБ-ын эрдэмтэн, судлаачид ч 2030 он гэхэд улаанбурхан өвчнийг бүрмөсөн устгах зорилт биелэх, эсэхэд эргэлзэж эхэлснээ дээрх хурлын үеэр онцолсон. Тиймээс Засгийн газрууд амлалтаа сэргээж, шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэндийн бодлого хэрэгжүүлэн, санхүүгийн болон хүний нөөцийн тогтвортой байдлаа хангаж, улаанбурхны дархлаажуулалтыг нэмэгдүүлэхийг уриаллаа. Энэ нь зөвхөн өвчнөөс сэргийлээд зогсохгүй эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, халдварын дэгдэлтээс шалтгаалсан зардлыг бууруулах давуу талтай.
О.Ундрах