БНСУ-ын Сөүл хотод “Tanzolymp Asia international dance competition-2024” энэ сарын 5-нд эхэлж, өнөөдөр өндөрлөлөө.
ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг уг уралдааны энэ удаагийнхад 18 орны 5200 бүжигчин оролцжээ. Манай улсын тухайд Завхан аймгийн “Amka dance studio”-иэс 14, Дорнод аймгаас нэг бүжигчин оролцсон бөгөөд балет, үндэсний уламжлалт, орчин үеийн гэсэн төрлөөр дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн байна.
Мэргэжлийнхнээс Завханы бүжигчин Э.Амаржаргал, Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлол бүжигчин О.Долгормаа нар үндэсний уламжлалт бүжгийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ.
“Amka dance studio”-ийн суралцагчид нас, насны ангилалдаа өрсөлдсөн бөгөөд С.Номин мөнгө, А.Саруул-Эрдэм, Д.Сарангоо, Б.Маралгоо нар хүрэл медалийн эзэд болов.
Эдгээр суралцагчид 2025 онд ХБНГУ-д зохион байгуулах дэлхийн шилдгийн шилдэг бүжигчин тодруулах 21 дэх удаагийн уралдаанд оролцох эрх олгожээ.
Эдүгээ Сөүлд буй Завхан аймаг дахь “Amka dance studio”-ийн багш, бүжигчин, МУСТА Э.Амаржаргалтай холбогдож мэдээлэл авах үед тэрбээр “Манай төвийн суралцагсад “Tanzolymp Asia international dance competition”-д бүгд хариуцлагатай сайн оролцлоо. Ялангуяа А.Саруул-Эрдэм, С.Номин, Э.Амингоо, А.Эрхсаран, М.Мөнх-Анужин, Э.Энх-Үжин, Б.Сарангуа нартаа баяр хүргэж, дараагийн уралдаанд нь амжилт хүсье” гэсэн юм.
Уг уралдаан нь чансаагаар дэлхийд III-т эрэмбэлэгдэх бүжгийн олимп хэмээгддэг хэмээн багш онцоллоо.
Р.Оюунжаргал