Монгол түмний төрт ёсны уламжлалт Үндэсний их баяр наадам хаяанд ирж, дэлхийн өнцөг булан бүрээс гийчид айлчлан буйдхан нийслэл маань олны хөлд дарагджээ. Эл өдрүүдэд ардын урлагийн үзүүлбэр, Монгол соёлын гайхамшгийг үзэж сонирхох нь нэн таатай буюу. Өнгөрсөн сарын 3-наас эхлэн бөмбөгөр улаан театрын тайзнаа Үндэсний урлагийн их театрын 100 гаруй уран бүтээлч “Land of the sky” хэмээх тусгай тоглолтоо нээсэн бөгөөд энэ зуны турш өдөр бүр толилуулах аж. Энэ нь Монгол орны бүс, зүг бүрийн соёл урлагийн онцлогийг нэгэн тайзнаа цогцлоосноороо онцлог. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ хүчээ дайчилсан эл цэнгүүнд уран бүтээлчид ид хав, ур чадвараа гайхуулах шиг л болов.
Тоглолт яг цагтаа эхэлснийг сайшаан дурдах нь зүй. Танхимын гэрэл унтарч, нам гүм болоход хамгийн түрүүнд агуу “Уяхан замбуу тивийн наран”-гаар үзэгчдийн мэлмийг баясгалаа. Уртын дуучин Г.Минжинсор ч тун чамбай ажиллав. Энэ удаагийнх анхны тоглолт биш тул уран бүтээлчдийн үзүүлбэр нэгэнт өв тэгш жигдэрчээ. Үүний дараа эрчүүдийн ухаан бодлын хурдыг сорьсон дэмбээ наадам эхэлсэн нь жуулчдад тун сонирхолтой төдийгүй танхимын уур амьсгал ч хөгжөөн шуугиантай болоод ирэв. Цөөхүүл хөгжмийн “Цохиурын ай”, Монголын анхны сонголог дуурийн дүр “Юндэн Гөөгөө”, жавхаа нь дэндсэн “Адуучин залуус”, нууцлаг, хүчирхэг эрчимтэй “Цаатан, бөөгийн бүжиг” ар араасаа хөвөрч үзэгчдийг огтхон ч уйдаагаагүй нь тоглолтын найруулагчтай нэн холбоотой юм. Бөөгийн хэнгэрэг, бөөлөх үйл явц гаднынхны анхаарлыг гойд татсаныг дурдах нь зүйтэй.
Баруун бүсийн үзүүлбэр эхлэхэд тайзнаа Монголын язгуур урлагийн сод гайхамшиг болох хөөмий эгшиглэв. Дөрвөн хөөмийч, магтаалч хамтран “Алтайн магтаал”-ыг хөөмийлөхөд театрын танхим тэр чигтээ байгалийн дуу чимээ, уул усны шившлэгээр “амьсгалах” шиг. Тоглолтын төгсгөл хэсэгт Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал (оркестр) бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа “заларсан” байв. Ерөнхий удирдаач Э.Мөнхбаяр хэдхэн хоногийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон билээ. Түүний дохиураар хөгжмийн зохиолчдын сод бүтээл “Монголын сайхан орон” симфони зураглал үндэсний хөгжмийн зэмсгүүдээр иж бүрэн эгшиглэлээ. Тоглолтын хамгийн сүүлчийн гэнэтийн бэлэг бол алдарт Иохан Штраусын “Радецкий марш”-ийг үндэсний хөгжмийн их найрал тоглосон явдал байв. Өрнөдийн сонгодог бүтээлийг дорнын морин хуур, ятга, ёочин, лимбээр ийнхүү өвөрмөц хэмнэлээр тоглоход үзэгчид босох нь босож, нижигнэсэн алга ташилтаар хөгжмийн хэмнэлийг дэмжин, баяр хүргэж байлаа. Эл гайхамшигт бүтээлүүдийг үзэж, сонирхохыг хүсвэл Үндэсний урлагийн их театрыг зориорой.
Д.Сэлэнгэ