Монголын нэрийг дэлхийн урлагийн тавцанд өөрийн шавь нараар дамжуулан гялалзуулж яваа залуу төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш Батнасангийн Ичинхорлоо 2025 онд ч бас ээлжит амжилтуудаар баялаг оныг үдэж байна. Түүний заах арга барил, ур чадвар, урам зориг нь олон улсын хөгжмийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, залуусын ирээдүйд гэгээ нэмсээр байна.
2025 оны эхээр Калифорни мужид зохион байгуулагдсан Sonor International Piano Competition-д түүний сурагчид бага ангилалд 1-р болон 2-р байрыг, дунд ангилалд 3-р байр болон тусгай шагнал хүртэж, түүний шавь бэлтгэх ур чадвар олон улсад дахин гайхагдлаа.
Мөн түүний дөрвөн сурагч Нью-Йорк хотноо болдог олон улсын нэр хүндтэй хөгжмийн тэмцээнд 1-р байр эзэлж, тэднээс гурван сурагч нь хамгийн өндөр оноогоор шалгарч Carnegie Hall-ын гол тайзанд тоглох ховор боломжийг авсан юм. Тэд 2025 оны тавдугаар сарын сүүлээр тоглохоор маш шаргуу бэлдэж байна.
Үүнээс гадна Ичинхорлоо нь Хойд Америкийн өсвөрийн хөгжимчдийн тэмцээнд шүүгчээр урилгаар ажиллаж байгаа нь түүний хөгжмийн боловсролын түвшин, мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдөх чадварыг илтгэж буй хэрэг юм.
Мөн энэ зун тэрээр Сан Франциско хот дахь нэр хүндтэй төгөлдөр хуурын сургуулийн ахлах багшаар томилогдохоор болж, ирэх наймдугаар сараас эхлэн Калифорнийн хөгжмийн багш нарын холбооны Сан Франциско хотын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахаар болж байна.
Батнасангийн Ичинхорлоогийн энэ бүх амжилтууд бол зүгээр нэг хувь хүний өсөлт бус, Монгол хүний авьяас, тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг дэлхийд харуулсан бодит баталгаа юм. Түүний шавь нар жилээс жилд өсөж, түүнтэй хамт Монгол Улсын нэр хүнд олон улсын тайзнаа улам тод гялалзаж байна.
Батнасангийн Ичинхорлоо бол зүгээр нэг төгөлдөр хуурын багш биш тэр бол сэтгэлээс урсан гарсан хөгжим, тууштай хөдөлмөр, шавь нарынхаа амжилтаар дамжуулан дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд Монголын нэрийг уран төгс, бахархалтайгаар дуурсгаж яваа багш юм.
Түүний амжилтууд жилээс жилд өсөн тэлж, зөвхөн өөрийн карьерыг биш, Монголын хөгжмийн боловсролын нэр хүндийг ч хойч үедээ үлдээх үнэ цэнтэй хувь нэмэр болон хөгжиж байна. Шавь бүрийнх нь эгшиглэн түүний заах арга барил, сэтгэл зүтгэлийн тусгал. Ичинхорлоогийн багшийн замнал нь уран бүтээлч хүн хэрхэн үндэс угсаагаа, багшийнхаа сургаалыг, ирээдүйн авьяастнуудыг нэгэн зэрэг тээн авч явж болдгийг харуулсан тод жишээ юм.
Түүний алхам бүр, жил бүр улам тод гэрэлтэх нь Монголын бахархал билээ.