АНЭУ-ын Аль-Айн хотод зохион байгуулсан шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ-д 34 орны 262 тамирчин оюунаа сорьж байна. Эхний таван өргийн дараа Монголын эрэгтэй тамирчдаас олон улсын мастер Г.Амартүвшин 3.0 оноогоор 51, С.Ган-Эрдэнэ 2.5 оноогоор 78 дугаар байрт бичигдсэн. Эмэгтэйчүүдээс Б.Мөнгөнзул Узбекистаны Афруза Хамдамоваг хожиж, 4.5 оноотой тэргүүлж эхлэв. Түүний хувьд өмнөх өргүүдэд нэг ч ялагдалгүй урагшилж, тав дахь өрөгт ОХУ-ын олон улсын мастер Анастасия Боднаруктай тэнцжээ. Одоогоор их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул ес, спортын мастер Х.Баясгалан 23 дугаар байрт жагсаж буй. Түүнчлэн тивийн тэмцээний блиц (түргэн) тоглолтод Х.Баясгалан гурав дахь өрөгт хойд хөршийн их мастер Катарина Лагног, С.Чингүүн эзэн орны шилдэг шатарчин Салем Салехийг шатрын хөлөг дээр буулган авч шуугиан тарив. Их мастер Д.Номин-Эрдэнэ 14, Б.Мөнгөнзул 19, их мастер Ү.Үүрцайх 26, спортын мастер Б.Буянхишиг 29, ФИДЕ мастер Э.Энхрий 31, спортын мастер Э.Эмүжин 33, их мастер Б.Мөнгөнтуул 41, Т.Мөнхзул 49 дүгээр байрт шалгарчээ.
Сонирхуулахад, Монголын шатарчдаас Т.Мөнхзул 2019, Б.Мөнгөнтуул 2023 онд хүрэл медаль хүртсэн юм.