Бүгд Найрамдах Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан манай улсын хилээр нэвтрэхийг завдсаныг Гадаадын иргэн, харьяатын газрын “Чингис хаан” нисэх буудал дахь ажилтнууд илрүүлжээ. Тэд энэ сарын 28-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн байна. Дээрх иргэдийг уул уурхай, хүнд машин механизмын худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Би Си Эйч ресурс” ХХК урьж ирүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, уг 26 иргэнд С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт тус компанийнхан илгээсэн бөгөөд хариу нь гараагүй байхад хуурамч виз үйлдэн нэвтрүүлэхийг завдсан нь тогтоогджээ. Тиймээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журмыг үндэслэн эдгээр иргэнийг таван жилийн хугацаанд орох эрхгүйгээр албадан гаргасан гэнэ. Харин “Би Си Эйч ресурс” ХХК-ийнхны өдүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тагнуулын байгууллагад шалгуулахаар шилжүүлж буй аж.
Г.Орчлон