Йордан улсын Аман хотод зохион байгуулсан жиү жицүгийн Ази тивийн АШТ-д Монгол тамирчид хүч сорьж буй. Тэднээс эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насныхны ангилалд 57кг-ын жинд “Шинэсэгэ” ХХК, МУБИС-ийн “JUMP Mongolia” академийн тамирчин Б.Наранхишиг тивийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 16-18-нд болсон “Их дуулга”-д аваргын төлөө ОХУ-ын тамирчин Анна Комоловаг буулган авч, алтан медаль хүртсэн юм. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн жиү жицүгийн дасгалжуулагчийн ангид сурдаг түүнд аав нь бөхийн спортоор хичээллэхийг анх санал болгосон гэдэг. О.Нарангэрэл багшийн шавь болж, дөрвөн жил бэлтгэл хийхдээ Казахстаны Астана хотыг 2023 онд зорьж, залуучуудын ДАШТ-д шагналт V байр эзлэхдээ медаль хүртэхэд ойрхон байгаагаа мэдэрчээ. Дараа жил нь Японы Токиод хөл тавьж, гранд слам тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн нь түүний амжилтын эхлэл байв. Дэвжээнд учраа таарсан өрсөлдөгчидтэйгөө хэвтээ барилдаан өрнүүлэн, оноо авч ялдаг түүний арга барил, техник, тактик бөхийн хорхойтнуудын сонирхлыг ихэд татсаар байна.