Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жилд өндөр зэрэглэлийн зургаан тэмцээн зохион байгуулдаг. Үүнээс ДАШТ, тивүүдийн АШТ, чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээн бий. Монголд гурав дахь цуврал болох “Улаанбаатар опен” олон улсын тэмцээн “БуянтУхаа” спорт цогцолборт өнөөдөр эхэлнэ. Ирэх сарын 1-нд өндөрлөх, 400 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд одоогоор 17 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Манай улс зохион байгуулагч орны давуу хувиар нэг жинд тав хүртэлх бөх оролцуулахаар болсон тул 120 гаруй тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд үргэлжилнэ. Дээрх холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд өөрчлөлт оруулж, цуврал тэмцээнүү¬ дийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс чансааны оноонд үндэслэн тус тэмцээнээс оны шилдэг тамирчин, олимпын наадам, тивийн АШТ болон ДАШТ-д хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах нь. Тэмцээний урьдчилсан шатны барилдаан өдөр бүр 10.30, медалийн төлөөх барилдаан 17.00 цагт эхлэх аж. Энэ удаагийн цуврал тэмцээнийг С1, ТВ9, “Сүлд” телевиз шууд дамжуулах бол С.Шижирбат олонд тайлбарлан хүргэх юм.