Тайванийн Тайпэй хотод эхэлсэн “Дэлхийн мастеруудын наадам-2025”-д Монголын баг 107 орны 25 000 гаруй тамирчинтай спортын 35 төрөлд өрсөлдөж байна. Өнөөдөр өндөрлөх тус наадмын эхний өдөр хөнгөн атлетикийн тэмцээнд Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, Гавьяат тамирчин, ОУХМ Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 90-94 насныхны ангилалд гүйлтийн ойрын зай болох 100, 200, 400, 800, 1500 метрийн уралдаанд таван алтан медаль хүртсэн. Эмэгтэйчүүдээс ОУХМ Н.Эрдэнэчимэг тэмцээний эхний өдөр 70-75 насныхны ангилалд оролцож, 800, 1500 метрийн зайд тус бүр тэргүүлж, 400 метрийнхэд дэд байр эзэллээ. Түүнээс гадна хөнгөн атлетикийн төрөлд оролцсон тамирчид таван алт, гурван мөнгө, найман хүрэл медаль хүртэв. Буудлагын төрөлд өрсөлдсөн оролцогчдоос Гавьяат дасгалжуулагч Т.Ундралбат 10 метрийн хийн гар бууны төрөлд хүрэл медаль гардсан. Усанд сэлэлтийн төрөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын спорт цогцолборын тамирчин Х.Ержан 40-44 насны ангилалд 200 метрийн мэлхий сэлэлтээр мөн хүрэл медаль авсан юм. Хүндийг өргөлтийн төрөлд Гавьяат тамирчин, дэлхийн зургаан удаагийн аварга Ш.Лхагваа 55 кг-ын жинд 70 насныхны ангилалд тэргүүлж, дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо. Түүнтэй тус төрөлд оролцсон эмэгтэйчүүдээс “Хүндийг өргөлтийн хүчтэн холбоо”ны тамирчин, ОУХМ С.Саранцэцэг түрүүлсэн юм. Хөнгөн атлетикийн шидэлтийн гурван төрөлд оролцсон Г.Наранцэцэг иж бүрэн медалийн эзэн болжээ. Гавьяат тамирчин Т.Цэрэндолгор 85-89 насныхны ангилалд зээрэнцэг, бөөрөнцөг, дүүгүүр, жад дөрвөн төрөлд тус бүр түрүүлж, бахдам амжилт үзүүлэв. 10 дахь удаагийн наадмын жүдо бөхийн төрөлд 87 орны 419 тамирчин хүч сорьсноос Монголын тамирчид эрэгтэй 16 алт, 13 мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. Сагсан бөмбөг, волейболын тэмцээний шилдгүүд өгөөдөр 30-нд тодорно.