Шатрын багийн ДАШТ энэ сарын 10- 15-нд Англид болж өндөрлөлөө. Лондон хотод долоо хоног үргэлжилсэн тус тэмцээнд Монголоос гурван баг (“Mongolia-A”, “Mongolia-B”, “MongolZ”) 64 орны 420 тамирчинтай өрсөлдсөнөөс “Монгол B”-гийн тоглогчид 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байрт шалгарав. Энэ тэмцээнд оролцсон хоёр багийг үндэсний шигшээ багийг тамирчдаас бүрдүүлжээ. Дэлхийн аваргаар тодорсон “Mongolia-B” багийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн ахалж, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр зэрэг тамирчин дэлхийн шилдгүүдтэй оюун ухаанаа сорьсон юм. Харин их мастер Д.Номин-Эрдэнэ, олон улсын мастер Х.Итгэлт, Ретварс Реймэнис, ФИДЕ мастер С.Чингүүн, Б.Ану, Х.Өлзийхишиг, мөн Кристиан Араяа нараар хүч сэлбэсэн “MongolZ” багийнхан 21 дүгээр байр эзэлсэн байна. Тэгвэл олон улсын мастер Г.Амартүвшин, М.Амилал, их мастер Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, ФИДЕ мастер С.Чингүүн, Д.Амарбат гээд улсын аваргуудыг эгнээндээ багтаасан “Mongolia-A”-гийнхан 24 дүгээр байрт оржээ. Ташрамд дурдахад, Казахстан Улсын Астана хотод өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1-6-нд зохион байгуулсан түргэн (блиц) болон түргэвчилсэн (рапид) тоглолтын багийн ДАШТ-д манай улсын шатарчид багийн төрөлд анх удаа оролцож байв.