Монголын волейболын холбооноос Дундговь аймагт зохион байгуулсан идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн долоо хоног үргэлжилж өндөрлөлөө. Орон нутгийн тамирчид улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг, нийслэлийн есөн дүүргийн мэргэжлийн клубийн тоглогчидтой эн тэнцүү өрсөлдөж, эл спорт манай улсад эрчимтэй хөгжиж буйг харуулав. Жил бүр болдог дээрх тэмцээнээс шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдах мэргэжлийн тамирчид төрдгөөрөө онцлогтой. Нийт 42 багийн тамирчин хурд, хүч, ур чадвараа сорьсноос алтан медалийн төлөө Сэлэнгэ аймгийн эрэгтэйчүүд “Баянгол өргөө”-гийнхөнтэй ширүүхэн өрсөлдөж 3:1-ээр хожин аваргын цом өргөсөн юм. Алтан медаль хүртсэн багийнхан өмнө нь улсын тэмцээнээс гурван алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, амжилтаа бататгаж ирсэн туршлагатай. Шагналтай буцах, эсэхийг шийдвэрлэх тоглолтод “Ноён” багийнхан “Уурхайчин 21”-ийн тамирчидтай учраа таарсан ч 3:2-оор буулган авч, хүрэл медалийн эзэн боллоо. Эмэгтэйчүүдийн багаас “Хилчин”-ийнхэн алтан медалийн төлөөх тоглолтыг “Уурхайчин 21”-ийнхэнтэй өрнүүлж, ур чадвараар илүү гэдгээ мэдрүүлэн 3:0-ээр ялснаар улсын аварга багаар шалгарсан юм. Тэгвэл Ховд аймгийн баг нийслэлийн “МХВ академи”-ийнхныг (3:0) онооны хол зөрүүгээр илүүрхэж, хүрэл цомтой нутаг буцав. Тоглолтын дараа үнэ цэнтэй тоглогчийг тодруулах нь үзэгчдийн сонирхлыг их татдаг. Энэ удаа эрэгтэйчүүдээс “Сэлэнгэ” багийн Б.Азжаргал, эмэгтэйчүүдээс “Хилчин”-ий Б.Мишээл шалгарчээ. Шилдэг довтлогчоор “Баянгол өргөө”-гөөс Б.Тэлмүүн, “Уурхайчин21”-ээс Ц.Баасандулам, шилдэг хаагчаар “Сэлэнгэ”-ийнхнээс Т.Тэмүүжин, “Уурхайчин21”-ээс Б.Энхлэн, шилдэг холбогчоор “Баянгол өргөө”-гөөс Б.Одмөнх, “Хилчин”-ийнхнээс Х.Шинэзул, шилдэг хамгаалагчаар “Сэлэнгэ” багаас А.Баттулга, “Ховд”-ынхноос А.Гүнжинлхам, шилдэг давуулагчаар “Ноён” клубийн Ц.Мөнхбадрал, “Ховд” багийн Э.Мичид нар тодорлоо.